By P Web Design Company

Joomla Just for Sharing - Joomla Club Templates and Extensions

ТОМСКИЙН ҮНДЭСНИЙ СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛЬ

Хаант Оросын үед байгуулагдаж октябрийн хувьсгал, дэлхийн дайн, өөрчлөн байгуулалт бүхнийг үзэж туулсан өвгөн сургуулийн түүхийг товчлон хүргэж байна. Төр засаг солигдон, хувьсгал эргэлт гарч, дайн тулаан хийж, өөрчлөн байгуулалт болж, эдийн засаг нь хямарч чухам л амь наана там цаана байхуй дор их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагаа мартаж орхиогүй аугаа оросын аугаа удирдагчдад, улс төр хийе, хөрөнгө зоорь хураая, дарга даамал болъё гэж бодолгүй нэгэн үзүүрт сэтгэлээр шинжлэх ухаанд зүтгэсэн мянга мянган орос эрдэмтдэд мэхийн ёсолмоор санагдана. Орост “университетская стена” гэсэн ойлголт байдаг.

Орчуулбал их сургуулийн хана гэсэн үг. Чухамдаа эрдмийн их өргөөг улс төр, ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө мөнгөний шунал мэтээс ангид байлгах гэсэн утгатай. 135 жилийн түүхтэй Томскийн их сургуулийн хананы цаагуур өнгийгөөд нэг үзэцгээе.

Томскийн Их сургууль нь 1878 онд байгуулагдсан сибир, алс дорнодын бүс нутаг дахь анхны бөгөөд нэг хэсэгтээ л цор ганц байсан дээд боловсролын байгууллага юм.

Одоогийн байдлаар уг сургуульд нийт 85 мэргэжлээр 23 мянга орчим оюутан, 82 мэргэжлээр 700 аспирант, 34 мэргэжлээр 120 докторант суралцаж, 300 гаруй ШУ-ы доктор, 700 гаруй доктор, 31 төрийн соёрхолтон ажилладаг гэсэн мэдээлэл байна. Тус сургуулийн дэргэд 22 хамгаалуулах зөвлөл ажилладаг гэнэ.

Томскийн Үндэсний Судалгааны Их Сургуулийн бүрэлдэхүүнд 22 факультет, 5 салбар, 45 лицей ахлах сургууль үйл ажиллагаагаа явуулдаг ажээ.

ТҮСИС-д янз бүрийн цаг үед 100 орчим академич, 100 гаруй төрийн соёрхолтон, 2 Нобелийн шагналтан суралцаж, ажиллаж байсан нь тус сургуулийн нэгэн бахархал.

ТҮСИС даяар Оросын Суурь Судалгааны Сан болон Оросын Хүмүүнлэгийн Ухааны Сангийн дэмжлэгтэй 500 гаруй төсөл хэрэгжиж байгаа бөгөөд 14 шавь сургууль нь ОХУ-ын ерөнхийлөгчийн баталсан Оросын тэргүүлэх шавь сургуулиудын жагсаалтанд багтдаг аргагүй л том айл юм.

ОХУ-ын ерөнхийлөгчийн 1998 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 30 тоот зарлигаар Томскийн Үндэсний Судалгааны Их Сургуулийг Оросын ард түмний оюуны онцгой үнэт өв хэмээн батламжилсан байна.

Механик-Математикийн факультет

Нева мөрөн дээрх Аврора хөлөг онгоцноос өвлийн ордон руу их буугаар буудахаас яг 4 сар 6 хоногийн өмнө буюу 1917 оны 7 сарын 1-ний өдөр оросын түр засгийн газрын шийдвэрээр Томскийн Их Сургуулийн бүрэлдэхүүнд физик-математикийн факультет байгуулагдсан байх юм.  Энэ нь Уралын нуруунаас нааш Оросын азийн хэсэг дэх анхны математикийн шинжлэх ухааны дээд боловсролын байгууллага байгуулагдаж байгаа хэрэг бөгөөд сибир, алс дорнод цаашлаад манай улсад орчин цагийн физик-математикийн шинжлэх ухаан хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан үйл явдал болсон нь дамжиггүй. Физик-математикийн факультетийн анхны декан нь физикч профессор Поспелов А.П. гэдэг хүн байсан байна.

1932 онд Томскийн ИС-ийн бүрэлдэхүүнд Механик-Математикийн судалгааны хүрээлэн байгуулж байжээ. Дайны гал дөнгөж намжсан 1945 онд энэ хүрээлэнгээс эрхлэн “Известия” гэдэг сэтгүүл гаргасан нь мөн л уралын нуруунаас нааших азийн өргөн цээжинд анхны математикийн судалгааны сэтгүүл юм.

1948 онд физик, математикийн факультетууд нь салж өнөөгийн өнгө төрхөндөө оржээ.

Одоогийн байдлаар Томскийн их сургуулийн механик-математикийн факультетад 75 багш ажилладаг бөгөөд эдгээрээс 16 нь ШУ-ы доктор, 41 нь доктор цолтой. Сонирхолтой нь энэ факультет математик, механик гэсэн хоёрхон мэргэжлээр төгсгөдөг юм байна.

Факультетийн нэгэн бахархал нь таван жилийн өмнө байгуулагдсан өндөр хүчин чадалтай компьютерийн СКИФ Cyberia тооцоолон бодох төв юм. Уг төв нь хүчин чадлаараа ОХУ-даа тун дээгүүр ордог ажээ. Энэ 4 дүгээр сарын 16-нд Томскийн үндэсний их сургууль Intel корпорацийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан нь чухамхүү энэ төвийн үйл ажиллагаатай холбоотой.

Факультет бүрэлдэхүүндээ 8 тэнхимтэй. Үүнд:

· Математик анализын тэнхим. 1938 онд байгуулагдсан, тэнхмийн эрхлэгч нь Оросын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, проф. И.А. Александров. Тэнхмийн багш нар математик анализ, комплекс анализ, эдийн засгийн математикийн чиглэлээр судалгааны ажил хийдэг.

· Алгебрын тэнхим. Мөн л 1938 байгуулагдсан, тэнхмийн эрхлэгч нь проф. П.А.Крылов. Тэнхмийн багш нар алгебр, математик логик, тооны онол, компьютерын криптограф чиглэлүүдээр ажилладаг.

· Ерөнхий математикийн тэнхим. 1938 онд байгуулагдсан, тэнхмийн эрхлэгч нь проф. С.В.Панько. Тэнхмийн багш нар Томскийн ИС даяар дээд математикийн хичээл заадаг байна.

· Геометрийн тэнхим. 1945 онд байгуулагдсан, эрхлэгч нь Н.Р.Щербаков. Тэнхим дээр аффин болон проектив дифференциал геометр, вектор оронгийн онол, фракталын онолын чиглэлээр судалгаа хийгддэг.

· Функцийн онолын тэнхим. 1962 онд байгуулагдсан, эрхлэгч нь С.П. Гулько. Тэнхмийн багш нар тополог, функционал анализын чиглэлээр судалгаа хийдэг. Гулько профессор бол манай МУБИС-ийн МаСС-ийн захирал Ц.Батхүү багшийн докторын ажлын удирдагч нь юм.

· Тооцон бодох математик ба компьютерийн загварчлалын тэнхим 1957 онд байгуулагдсан, эрхлэгч нь проф. А.В.Старченко. Тэнхим дээр тооцон бодох математик, компьютерын математик, параллель компьютерын технолог, мэдээллийг хамгаалах математикийн аргууд гэсэн чиглэлүүдээр судалгааны ажил хийгддэг.

· Физикийн болон тооцон бодох механикийн тэнхим 1977 онд байгуулагдсан, эрхлэгч нь проф. А.М. Гришин. Тооцон бодох механик, сүйрлийн загварчлал, нил орчны механик, экологийн чиглэлүүдээр багш нар нь ажилладаг.

· Онолын механикийн тэнхим. 1933 онд байгуулагдсан, эрхлэгч нь проф. А.М.Бубенчиков. Уг тэнхим дээр онолын механик, плазмын болон хийн механик, биомеханикийн чиглэлээр судалгааны ажил хийгддэг.

 

 

 

 

Монгол улсын их сургууль
© 2012 Их Сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар