By P Web Design Company

Joomla Just for Sharing - Joomla Club Templates and Extensions

 

“Оновчлол, симуляци, оновчтой удирдлага”

олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Нартай, хуртай, налгар зуны дунд сарын эхний өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль болон Математикийн хүрээлэнгийн хамтран зохион байгуулсан “Оновчлол, симуляци, оновчтой удирдлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал дөрөв дэхь удаагаа амжилттай болж өнгөрлөө. Энэхүү хурал нь анх удаа 2002 онд, дараа нь 2007, 2010 онуудад Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байсан юм. 2010 оны хуралд гадаадын хорин хоёр орны нэг зуун хорь гаруй эрдэмтэд ирж оролцож байсан нь магадгүй Монголдоо толгой цохих тохиолдол болсон биз ээ. Дөрвөн удаагийн хурлын зохион байгуулах хорооны даргаар Математикийн хүрээлэнгийн захирал, Монгол улсын төрийн соёрхолт, шинжлэх ухааны доктор, профессор Рэнцэнгийн Энхбат ажиллажээ. Энэ эрхэм хүний Монголын математикийн хөгжилд оруулсэн хувь нэмэр их ээ.

Хурлын нээлтэд Монгол улсын Их хурлын дэд дарга, шинжлэх ухааны доктор, академич Р.Гончигдорж оролцон хуралд оролцогчдод зориулж англи хэлээр тун сайхан үг хэлсэн явдал нь мэргэжил нэгтнүүдээ хүндэтгэсэн, урам зориг хайрласан сайхан үйл явдал боллоо.

Энэ удаагийн хуралд гадаадын нийт 11 орны 80 орчим эрдэмтэн судлаачид оролцож, судалгааны ажлын үр дүнгээ илтгэн хэлэлцүүллээ. Хуралд 4 салбар хуралдаанаар хэрэглээний математик, оновчлол, оновчтой удирдлагын чиглэлийн 70 гаруй илтгэл тавигдсан билээ. Эдгээрийн дотор алдарт Принстоны Их сургуулийн профессор, манай оновчлолчдын эртний анд, грек гаралтай эрдэмтэн Кристодулас Флоудас, Сөүлийн Үндэсний Их сургуулийн профессор Мөнгжүү Канг, Оросын ШУА-ийн Математикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний голлох ажилтан, профессор, мөн л бидний эртний анд Антипин Анатолий Сергеевич эхнэр Москвагийн Их Сургуулийн доцент Хорошилова Елена Владимировнагийн хамт, Австралийн Балларатын Их сургуулийн профессор хятад гаралтай эрдэмтэн Давид Гао, Хятадын Синхуагийн Их сургуулийн профессор Х. Баоёнг, Өмнөд Африкийн Йоханнесбург хотын Их сургуулийн профессор, хятадын иргэн, монгол угсааны эрдэмтэн Шенг Бау, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Системийн динамик, удирлагын онолын хүрээлэнгийн профессор Горнов Александр Юрьевич хоёр докторантын хамт, Австри улсын Венийн Их сургуулийн профессор Ричард Хартл, Нью-Йоркийн Их сургуулийн профессор Ричард Вогел, Их Британийн Эдинбургийн их сургуулийн Петер Ричтарик гээд олон сайхан эрдэмтэд байсан юм. Бүгдийг нь тоочих аргагүй.

Үнэхээр дэлхийд тэргүүлдэг шилдэг сургуулиудын эрдэмтэд ирж оролцсон. Яагаад шилдэг нь вэ гэвэл Принстоны Их сургууль дэлхийд 5-д, Сөүлийн Үндэсний Их сургууль 37-д, Синхуагийн Их сургууль 48-д, Москвагийн Их сургууль 66-д, Балларатын Их сургууль 78-д тус тус эрэмбэлэгдэж байгаа юм. Энэ дашрамд хэлэхэд дэлхийн шилдэг 100 сургуульд очиж суралцах оюутнуудын төлбөрийг төрөөс даахаар Монгол улсын ерөнхийлэгчийн саяхан шийдвэрлэсэн. Тэгэхээр ийм сургуулиудын төлөөгөлчид эх оронд маань ирж байгаа дээр нь холбоо хэлхээ тогтоож, чухам “зүүгдэж” байгаад магистрантур, докторторантурт явчихаж чадах нь манай залуучуудын өөрсдийнх нь овсгоо мэдсэн хэрэг. Урьд, урьдын хурлуудын сйахан жишээ ч бий. Монголын хамгийн анхны математикч төрийн соёрхолтнуудын хамгийн залуу нь болох Булган хангай нутгийн хүү, доктор Чинчулууны Алтаннар гэхэд чухам ийм л нэгэн хурлаас сайн багшийг олж сайн ч суралцаж өдгөө Монголын математикийн өнгө төрх, нүүр царай болж байна. Германы Кемнитцийн их сургуульд суралцаж эрдмийн зэрэг хамгаалж ирээд МУИС-д багшилж, нэгэн үе Математик-Компьютерийн сургуулийн захирлаар ажиллаж байсан Л.Алтангэрэл, доктор Б.Барсболд, М.Мэнд-Амар гээд сайхан боломжийг ашиглаж чадсан залуучууд цөөнгүй. Эдүгээ ч А.Лутбат, Б.Энхболор нар Солонгосын Инжэгийн их сургуульд, Ж.Болор Нидерландад докторантурт суралцаж байна. Б.Гэрэлмаа Солонгост Магистрийн зэрэг хамгаалж ирээд одоо Франц улсад үргэлжлүүлэн суралцах эрх авсан. Эдгээр залуус бүгд л хуралд ирж оролцсон эрдэмтэдтэй холбоо тогтоосноор тэдний талын тэтгэлгээр суралцаж монголынхоо мөнгийг хэмнэж байна. Энэ бүхнийг оюунтай толгойнуудад хийсэн гадны хөрөнгө оруулалт гэхээс өөр юу гэх билээ.

Гайхалтай сонирхолтой чухал, чухал илтгэлүүд их тавигдсан. Нью-Йоркийн Их сургуулийн профессор Р.Вогелийн тавьсан уул уурхайн хөгжил Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг загварчилсан илтгэл л гэхэд манай эдийн засагчид, судлаачдын анхаарлыг татууштай санагдаж байлаа. Хятадын Чинхуа Их сургуулийн залуу судлаачид батлан хамгаалах салбарт математик загварчлалыг хэрэглэсэн гайхалтай жишээнүүдээ танилцуулж байв. Болж байгаа юм байхдаа л гэж бодож байлаа. Голлох илтгэгчдийн нэг Флоудас профессор өөрийн боловсруулсан шинэ онолоо танилцуулсан.

Хурлын маань бас нэгэн шигтгээ нь Энхбат профессорын номын багш Оросын Эрхүүгийн Их Сургуулийн профессор, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Системийн динамик, удирлагын онолын хүрээлэнгийн гүдгэр биш оптимизацийн лабораторийн эрхлэгч, ОХУ-ын төрийн соёрхолт, шинжлэх ухааны доктор Александр Сергеевич Стрекаловский гуай байлаа. Энэ эрхэм хүн Монголд хоёр сайхан эрдэмтэн төрүүлж бойжуулж өгсөний нэг нь Энхбат профессор. Энхбат профессор Монгол улсдаа математикийн ухааны долоон доктор төрүүлж, хэдэн арван магистр, бакалаврын дипломын ажлыг удирдаж, хэдэн арваар тоологдох залуу математикчдыг гадаад орнуудын нэртэй эрдэмтэдтэй холбож өгсөн гавьяатай хүн билээ. Нөгөө шавь нь алс холын Франц улсын Версалийн Их Сургуульд профессороор ажиллаж Монголынхоо нэрийг сайнаар дуудуулж яваа Цэвээндоржийн Идэр хэмээх эрхэм билээ. Стрекаловскийн гуайнэнэ эрхэм ачийг үнэлэн хүндэтгэж Математикийн хүрээлэнгийн хүндэт доктор цолоор шагнасныг энэхүү хурлын нээлт дээр зарлан өргөмжлөл гардуулсан юм.


 

Монгол улсын их сургууль
© 2012 Их Сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар