By P Web Design Company

Joomla Just for Sharing - Joomla Club Templates and Extensions

Түүхийн товчоон

1967 онд Монгол Улсын ардын багш профессор Л.Шагдарын санаачлагаар ШУА-ийн физик химийн хүрээлэнд Математик, онолын физикийн сектор байгуулагдсанаар Монгол улсад математикаар судалгааны ажил явуулдаг анхны нэгж үүссэн юм. Энэ секторын анхны эрдэм шинжилгээний ажилтнууд нь академич Х.Намсрай, академич Л.Дорж, доктор (Sc.D.) С.Будням, доктор (Ph.D) Ү.Бадам, Н.Сүхчулуун нар байлаа.

1969 онд физик-химийн хүрээлэн нь физик-математикийн хүрээлэн, химийн хүрээлэн гэсэн хоёр хүрээлэн болон зохион байгуулагдахад физик математикийн хүрээлэнгийн бүрэлдэхүүнд математикийн сектор шинээр зохион байгуулагдаж эрхлэгчээр профессор Л.Шагдар ажиллаж байсан ба Доктор (Ph.D) П.Бэгзжав, профессор С.Тогмид, Доктор(Sc.D.) Д.Бямбажав, профессор Б.Чимэд-Очир нар эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байв.

1973 онд ШУА-ийн бүрэлдэхүүнд математикийн хүрээлэн байгуулах тухай Сайд нарын зөвлөлийн тогтоол гарч улмаар 1974 оны 3 сард Математикийн хүрээлэн нь Магадлалын онол математик статистик, Хавсрага математик, Программ хангамжийн гэсэн гурван сектор, Онолын физикийн групп, Монголын математикийн түүхийн групп гэсэн хоёр групптэйгээр байгуулагдсан байна.

1976 онд Математикийн хүрээлэн дээр тооцон бодох төв байгуулагдан ОХУ-ын Дубна хот дахь ЦШНИ-д ажиллуулж байсан М-222 тооцон бодох электрон машиныг суурилуулж инженер техникийн ажилтнуудаар бүрдсэн тооцон бодох математикийн лабораторийг байгуулсан нь Монгол улсад Компьютерийн шинжлэх ухаан үүсч хөгжихийн эхлэл болсон байна.

1982 онд эдийн засгийн хүрээлэнгийн бүрэлдэхүүнд байсан эдийн засаг математик загварчлалын сектор математикийн хүрээлэнд шилжин ирж эрхлэгчээр нь Доктор (Sc) С.Будням ажиллав.

1988 онд тус хүрээлэнгээс Программ хангамжийн сектор болон тооцон бодох математикийн лаборатори салж Информатикийн хүрээлэн байгуулагдсан байна.

1997 онд математикийн хүрээлэнг МУИС-ийн харъяалалд шилжүүлэх тухай Монгол улсын Засгийн газрын 31 дүгээр тогтоол гарснаас хойш өнөөг хүртэл тус хүрээлэн МУИС-ийн бүрэлдэхүүнд ажиллаж байна.

Математикийн хүрээлэнгийн захирлууд:

  1. Академич Х.Намсрай (1974-1978)
  2. ШУА-ийн сурвалжлагч гишүүн Г.Аюушжав (1978-1988)
  3. Академич Р.Гончигдорж (1988-1990)
  4. Доктор (Sc.D.) С.Будням (1990-1997)
  5. Доктор (Sc.D.) Д.Бямбажав (1997-1999)
  6. Академич А.Мекей (1999-2011)
  7. Доктор (Sc.D.) Р.Энхбат (2011-2015)
  8. Доктор (Ph.D.) Ү.Отгонбаяр (2016-)


Математикийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга нар:

  1. Доктор (Sc.D.) С.Будням (1974-1977)
  2. Академич Л.Дорж (1977-1979)
  3. Доктор (Ph.D) Б.Нэргүй (1979-1988)
  4. Доктор (Sc) Д.Бямбажав (1988-1990)
  5. Доктор (Ph.D.) Ү.Бадам (1990-1997)
  6. Доктор (Ph.D.) Б. Баясгалан (1997-2000)
  7. Доктор (Ph.D.) Л. Хадхүү (2000-2002)
  8. Доктор (Ph.D.) Б.Батцэнгэл
  9. Доктор (Ph.D.) А.Галтбаяр
  10. Доктор (Ph.D.) А.Амарзаяа
  11. Доктор (Ph.D.) Ж.Даваадулам (2012-2016)
Монгол улсын их сургууль
© 2012 Их Сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар