By P Web Design Company

Joomla Just for Sharing - Joomla Club Templates and Extensions

Математикийн хүрээлэнгийн ээлжит их семинар 3 дугаар сарын 20-ны өдрийн 16:00 цагаас МУИС-ийн хичээлийн 3-р байрны 217 тоот өрөөнд боллоо. Энэхүү семинарт амласан ёсоор оновчтой удирдлагын онолын дэлхийд нэртэй эрдэмтэн Гурман Владимир Иосифович, монголын математикчдын эртний анд Оросын Холбооны Буриад улсын нэрт математикч Булдаев Александр Сергеевич нар хүрэлцэн ирж лекц уншлаа. Энэ хоёр профессор ШУТИС-ийн захирал проф. Б.Очирбатын урилгаар Монголд ирсэн улс гэнэ. МУИС-ийн багш, судлаач, оюутнуудад дэлхийд нэртэй эрдэмтдийн амьд халуун яриаг сонсох боломж олгосон Очирбат багшдаа Математикийн хүрээлэнгийн хамт олны өмнөөс талархаж буйгаа илэрхийлье.

Лекцэнд акад. Т.Жанлав, проф. Р.Энхбат, проф. С.Будням, доктор С.Батбилэг, Ж.Даваадулам, докторант Т.Баяртөгс, Ц.Батболд, Г.Баттөр, Л.Оюунцэцэг, магистрант Мөнхдалай, оюутан Барысбек нар оролцсон юм. Владимир Иосифович гуай эдүгээ 80 насыг зооглож байгаа гэхэд ухаан санаа цэлмэг, ануухан сайхан хүн ажээ. Тун сайхан лекц уншсан гэдгийг тэмдэглэе. Александр Сергеевич профессор цэгцтэй, ойлгомжтой, тавиухан онцгой сайхан ярьдаг хүн байна. Лекцэнд оролцогсод оновчтой удирдлагын онолын нэн сонирхолтой олон чухал асуудлаар асуулт тавьж санал солилцоцгоосон юм. Харамсалтай нь 217 тоот өрөөнд 17:30-аас яамны түшмэд МУИС-ийн шинэ удирдлагуудтай чухал уулзалт товлосон байсан тул Булдаев профессорын лекцийг дундаас нь зогсоосон билээ. Чухал сайхан яриа тасаллаа гэж дургүйцэх хүн олон байлаа. Зохион байгуулагчидын зүгээс ч зочныхоо өмнө тун эвгүй байдалд орсон билээ. Гэвч юм нэгээр дуусдаггүй гэдэг дээ. Монгол улсад уригдан ирсэн гадаадын нэртэй эрдэмтдийн лекц, илтгэлүүдэд манай залуу багш нар, докторант, магистрант, оюутнууд тун хойрго оролцож байгаа харагддаг. Уг нь уулзаж танилцаад хэлхээ холбоо тогтоогоод авбал алт шиг сайхан боломжийг амалж чадмаар хүмүүс бас байдаг юм шүү. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг сэн дээ.

 

 

Монгол улсын их сургууль
© 2012 Их Сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар